ChatGPT-г өдөр тутамдаа хэрхэн ухаалгаар ашиглах вэ?
ChatGPT-д зөвхөн “хийж өг” гэж хэлэхээс илүүтэй зорилго, нөхцөл, хүсэж буй үр дүнгээ тодорхой хэлэхэд хариу нь илүү хэрэгтэй болдог.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН
9/2/20261 мин унших


Та ChatGPT ашиглаад үзсэн ч “Яг миний хүссэн зүйл гарч ирэхгүй байна” гэж бодож байсан уу?
Эсвэл нэг асуулт асуугаад хариултыг нь хараад, “За, энэ надад нэг их тус болсонгүй” гэж бодож байсан байж магадгүй.
Заримдаа асуудал нь ChatGPT-д биш, бид түүнд юу хүсэж байгаагаа хэр тодорхой хэлсэнд байдаг.
Жишээ нь:
“Надад пост бичиж өг.”
гэж асуувал ChatGPT юуны тухай, хэнд зориулж, ямар өнгө аястай, ямар урттай бичихийг тань мэдэхгүй.
Харин:
"Та өөрийн хийдэг үйлчилгээгээ илүү ойлгомжтой танилцуулах текст бэлдэх хэрэгтэй боллоо гэж бодъё.
“Би гоо сайхны салондоо хөмсөг шивээс хийдэг. Үйлчилгээнийхээ давуу талыг тайлбарласан, үйлчлүүлэгчид итгэл төрүүлэхүйц богино танилцуулга бичиж өг.”
гэж асууж болно.
Дараа нь “Facebook постын хэлбэрээр болго”, “илүү мэргэжлийн болго”, “хэт реклам шиг сонсогдохгүй болго” гэж үргэлжлүүлэн сайжруулж болно.
OpenAI-ийн өөрийн зөвлөмжид ч тодорхой зорилго, хангалттай нөхцөл мэдээлэл өгөх, хүсэж буй хэлбэр болон өнгө аясаа тодорхой хэлэх нь илүү сайн хариу авахад тусалдаг гэж тайлбарладаг. Мөн эхний хариуг эцсийн хариу гэж харахгүйгээр дараагийн асуултаар сайжруулж болно.
Тэгэхээр сайн ашиглахын тулд заавал “мэргэжлийн prompt” бичиж сурах шаардлагагүй.
Өөрийнхөө бодож байгаа зүйлийг хүнтэй ярьж байгаа юм шиг тодорхой хэлэхэд хангалттай.
Жишээ нь дараах 4 зүйлийг хэлээд үзээрэй:
✓ Би юу хийх гэж байна?
✓ Хэнд зориулж байна?
✓ Ямар нөхцөл байдалтай байна?
✓ Ямар үр дүн хүсэж байна?
Жишээ:
“Энэ долоо хоногт хийх 8 ажил байна. Зарим нь яаралтай, зарим нь 2–3 хоногийн хугацаатай. Би өдөрт 5 цаг ажиллах боломжтой. Эдгээрийг эрэмбэлж, долоо хоногийн бодит төлөвлөгөө гаргаж өг.”
Ингээд хариуг нь авсны дараа:
“Илүү энгийн болго.”
“Монгол хэлээр илүү байгалийн болго.”
“Энэ хэсгийг богино болго.”
“3 өөр хувилбар гарга.”
гэж үргэлжлүүлэн ярилцаж болно.
💡 Эндээс хамгийн чухал зүйл нь:
ChatGPT-тэй нэг удаа асуулт асуугаад дуусах биш, харин харилцан ярилцаж, хүссэн үр дүн рүүгээ алхам алхмаар ойртуулах нь илүү үр дүнтэй.
Гэхдээ нэг зүйлийг заавал санаарай.
ChatGPT маш итгэлтэй мэт хариулсан ч үргэлж зөв байдаггүй. Заримдаа буруу мэдээлэл, буруу огноо, буруу ишлэл эсвэл бүр байхгүй эх сурвалж гаргаж болно. Тиймээс чухал мэдээлэл, санхүү, хууль, эрүүл мэндтэй холбоотой зүйлсийг заавал найдвартай эх сурвалжаар давхар шалгах хэрэгтэй.
Мөн хувийн мэдээллээ оруулахдаа болгоомжтой байгаарай.
Жишээлбэл, нууц үг, банкны мэдээлэл, бусдын хувийн мэдээлэл зэрэг шаардлагагүй эмзэг мэдээллийг ChatGPT-д шууд оруулах хэрэггүй.
ChatGPT-ийн Data Controls хэсэгт яриагаа моделийг сайжруулахад ашиглуулах эсэхийг удирдах боломжтой. Мөн Temporary Chat зэрэг сонголтууд байдаг.
Тиймээс ChatGPT-г “бүхнийг миний өмнөөс хийдэг машин” гэж харахаас илүүтэй санаагаа боловсруулах, бичих, төлөвлөх, судлах, асуултаа тодорхой болгоход тусалдаг ухаалаг туслах гэж хараарай.
Өнөөдөр нэг жижиг зүйл туршаад үзээрэй.
Дараагийн удаа ChatGPT-д асуулт асуухдаа шууд “хийж өг” гэж хэлэхийн оронд зорилго + нөхцөл + хүсэж буй үр дүнгээ хамт бичээд үз.
Тэгээд өмнөх хариултаасаа ялгаатай болсон эсэхийг өөрөө анзаараарай.
Аан, магадгүй асуудал нь “ChatGPT сайн ажиллахгүй байна” биш, би юу хүсэж байгаагаа хангалттай тодорхой хэлээгүй юм байна гэдгийг та ч бас анзаарч магадгүй.
